Би энэ блогийг нээгээд эхний бичлэгээ юуны тухай яаж бичих вэ гэж жаахан бодож байгаад дээрх сэдвээр доорх бодлоо бичлээ. Миний бичлэгтэй холбоотой санал сэтгэгдлээ харамгүй хуваалцаарай гэж хүсье.
“Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа”
Хэн нэгэн өөр хэн нэгнийг бие хүн болон төлөвшөөгүй гэж ярих нь бий. Бие хүн болж төлөвших гэж юу юм бэ? Энэ асуултанд олон янзаар л хариулна.
Хүн гэдэг хувь хүн болон төрөөд бие хүн болон төлөвшдөг билээ. Хувь хүний бие хүн болон төлөвших үйл явц тухайн хүнийг эхийн хэвлийд бүрэлдэх цагаас эхэлдэг. Нэг ёсондоо эр бэлгийн эс өндгөн эстэй нэгдэн үр хөврөл бий болсон тэр цагаас тухайн хүний амьдралын хувь тавилан, заяа төөрөг бичигдэж эхэлдэг гэх юм билээ. Энэ үеэс л эцэг, эх хоёр хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжилд анхаарч хоорондоо болоод хүүхэдтэйгээ хайраар дүүрэн халуун дулаан харьцаж эхлэх хэрэгтэй. Хайраас л хөөрхөн хүүхэд төрдөг шүү дээ..
Бие хүний төлөвшлийн 70 хувь нь хүүхдийг 6 нас хүрэхэд бүрэлдсэн байдаг гэж үздэг. Тэгвэл 6 наснаас хойш хүүхэд үндсэндээ нийгмийн нөлөөнд орж бусад төлөвшил нь тавигддаг. Нийгмийн институын нөлөөн дор хүмүүжихийг төлөвшил гэдэг. Тийм учраас
нийгмийн зүгээс тухайн хүнийг бие хүн болон төлөвшихөд нөлөөлж буй нөлөөллийг аль болох эерэг байхаар бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Бие хүн гэдэг нь өөрийгөө болон бусдын хүмүүжлээс төлөвшин хэрэгцээ, сонирхол, хүсэл тэмүүлэл, мэдлэг дадал, авьяас билэгтэй үйл ажилагааны субьектыг хэлнэ гэсэн нэг тодорхойлолт байна шүү. Тэгвэл дээрх чадвар бүхий бие хүнийг хэрхэн төлөвшүүлэх вэ?
Ямар хүнийг хэлээд байна? Хөдөлмөрч чанар, Нийтэч чанар, Хүмүүнлэг чанар, Өөдрөг үзэл зэргээр илэрдэг.
Хөдөлмөрч чанар бүхий хүний төлөвшилд темпрамент, зан ааш буюу характер нөлөөлж дээрх чанарын илрэл үр дүнг нөхцөлдүүлж байдаг. Энэ нь тухайн хүний темпрамент нь характер буюу зан аашийг нөхцөлдүүлж хувь хүний дээрх онцлог нь хүний хөдөлмөрч чанарт шууд нөлөөлж байдаг. Хөдөлмөрч хүн үнэнч тууштай байдаг.
Нийтэч чанарын төлөвшилд тухайн хүний харилцаа хандлага, чиг зорилго зэрэг нөлөөлж уялдуулж байдаг.
Харин хүмүүнлэг чанар бүхий бие хүний төлөвшилд тухайн хүний мэдлэг дадал чадвар, бие даах чадвар зэрэг чадварууд нөхцөлдүүлж байдаг.
Өөдрөг үзэл бүхий бие хүн төлөвшихөд тухайн хүний оюун ухаан, авьяас билэг нөхцөлдүүлж байдаг. Энэ нь тухайн хүний оюун ухааны чадвар өндөр үүний зэрэгцээ аливаа зүйлийг бусдаас давуутай хийж чадах авьяас билэг байгаа цагт тухайн хувь хүн өөртөө итгэлтэй бие хүн болж бусдын дунд биеэ авч явдаг.
Бие хүний чадварууд нь хоорондоо шууд холбоотой байдаг. Тийм учраас төгс цогц бие хүнийг төлөвшүүлнэ гэдэг эдгээр цогц чадваруудыг бүр суурьнаас нь эхлэн тавина гэсэн үг юм. Бие хүний төлөвшилд бусад хүн бүрийн нөлөө чухал. Тийм ч учраас дотор сэтгэлээсээ ч, гаднах үйлдлээрээ ч нар шиг гэрэлтэж, алт шижгэнэсэн төлөвшил бүхий бие хүний төлөө.
Дээрх чадвар төлөвшсөн бие хүнийг бусад хүмүүс ухаантай хүн шүү гэх нь харагдана. Гэтэл эсрэгээрээ төлөвшөөгүй хүмүүс ч мэр сэр бий. Бие хүн ухаан муутай буюу эсрэгээр төлөвшөөгүй байх тусмаа эрээ цээргүй байдаг.
Бие даалт 7: Илтгэл
Зөрчил маргалдаан түүнийг шийдвэрлэх арга зам
Зөрчил маргалдаан нь аливаа хөгжил дэвшлийн явцад үүсч хүмүүсийн хүсэл сонирхол, эрх ашиг, хэрэгцээ зэргээс үүдэн гарах бөгөөд энэ нь нэг хүний ухамсарт эсвэл хоёр түүнээс дээш хүмүүсийн хоорондын харилцаанаас үүсч бий болдог. Зөрчилдөөн үүсэхэд аль нэг тал нь нөгөө талынхаа санаа бодол, зан байдлыг өөрчлөхийг хүлээж шаарддаг бол хувь хүмүүсийн хувьд хувийн зан суртахууны давуу тал, ашиг сонирхол, байр суурь зэргийг хөндсөнөөс үүснэ. Зөрчилдөөнийг хэлбэрээр нь:
1. Хүн өөрөө өөртэйгээ
2. Хувь хүмүүсийн хооронд
3. Бүлгийн хооронд
4. Үйлдвэрлэлийн технологийн
5. Экологийн
6. Олон улсын гэж ангилна.
Зөрчилдөөнийг шийдвэрлэх аргууд.
Харилцааны явцад зөрчил маргалдаан үүсэх нь түгээмэл үзэгдэл боловч түүнийг аль болох эерэгээр шийдвэрлэх нь удирдагч болон менежер цаашилбал халилцаанд оролцож байгаа хүмүүсийн хувьд хамгийн зөв алхам юм. Өөрөөр хэлбэл юуны өмнө зөрчил үүсгэж байгаа нөхцөл шалтгааныг илрүүлэн арилгах, маргалдагч талуудын ашиг сонирхол, ёсзүй, уур амьсгалд дүгнэлт хийж зөв төлөвлөгөө боловсруулах ёстой. Удирдагч хүний нэг гол чанар нь хамт олны дунд зөрчил маргалдаан үүсэхээс урьдчилан сэргийлж, үүссэн сөрөг хандлагыг зөв гольдролд оруулж чаддаг байх явдал юм. Сөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд дараах аргуудыг хэрэглэж болно.
Энэ арга нь: 1 . Аль нэг тал нь дийлж төгсөх буюу негатив арга
2 . Хоёр талд ашигтайгаар шийдвэрлэх буюу позитив арга
1. Негатив аргууд.
а. Тойрч өнгөрөх буюу булзах арга нь удирдлагын зүгээс зөрчил шалтгааныг үл тоомсорлохыг хүссэн байх эсвэл зөрчил болон түүний шийдвэр нь тухайн байгууллагын хувьд нэг их чухал биш байх.
б. Анхаарахгүй байх арга нь үүссэн зөрчлийг үл ойшоон түүнийг авч үзэхгүй байх явдал бөгөөд энэ үед аль болох биеэ барьж хүлээцтэй хандан, сэтгэлээ барьж уурлаж бухимдахгүйгээр элдэв үг яриа үүсгэхгүй байх нь чухал юм.
в. Хэсэгчлэн тусгаарлалт хийх арга нь өрсөлдөгч талуудын харилцааг хязгаарлаж, зөрчил маргалдааны хүчийг аль болох сааруулах зорилготой байдаг. Хэрвээ хояр талын хооронд хатуу төлөвлөгөө хэлцэл байвал зөрчлийг шинээр эхлэхээс урьдчилан сэргийлэх нэмэлт төлөвлөгөө хэрэгтэй.
г. Шууд тусгаарлалт хийх арга нь удирдлагаас хэрэглэх хамгийн сүүлчийн арга бөгөөд сөргөлдөгч талуудыг бодит байдлаар тусгаарлах явдал юм. Өөрөөр хэлбэл албан ёсны ямарч харилцан ажиллагаа хэрэггүй үед хэрэглэх боловч шалтгааныг авч үздэггүй учир зөрчлийг шийдэж чадалгүйгээр орхидог муу талтай.
д. Бөөрөнхийлөх арга нь аливаа маргааныг хүлээн зөвшөөрч, өөрийн байгууллагын дотоод уур амьсгал, эв нэгдлийг эвдэхгүй байхад чиглэдэг. Удирдлагын зүгээс хоёр талын ялгааг бус нийтлэг талыг анхааруулж асуудлыг бөөрөнхийлөн хэлж нийтлэг зүйл нь ялгаатай зүйлээс чухал гэдгийг ойлгуулж, харилцан буулт хийлгэхийг оролддог. Энэ аргын сайн тал нь харилцааг зөөлрүүлж эвлэрүүлж байгаа мэт боловч, сул тал нь маргааныг авч хэлэлцэхгүй, зөрчилдөөнийг шийдвэрлэсэн мэт сэтгэгдэлийг олон нийтэд төрүүлж, зөрчлийг далдалдаг байна.
е. Өрсөлдөх аргыг өөрийн гэсэн бодол, эрх мэдэл, хүчтэй, өөртөө бүрэн итгэлтэй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
ё. Албадах арга нь удирдлагын зүгээс авсан арга хэмжээ үр дүнгүй болсон тохиолдолд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эрх мэдлээ ашиглан зөрчилдөгч талууд болон бүлгүүдийг тараах, ажлаас халах, албан тушаал бууруулах, өөр салбарт шилжүүлэн тусгаарлах, шийтгэх зэрэг арга хэмжээнүүдийг авч болно.
2. Позитив аргууд.
а. Гэрээ хэлэлцээр хийх арга. Зөрчилдөгч талуудын шалтгааныг нээлттэй авч хэлэлцэн хоёр талууд хүлээн авахаар нааштай шийдлийг эрж хайх, зөвшилцөх боломжит арга барилыг сонгоно. Гэрээг дундын ажиглагчтай хийж болох бөгөөд хоёр талд ашигтайгаар шударга нээлттэй, харилцан буулт хийх хэлбэрийг сонгох хэрэгтэй.
б. Харилцан буулт хийх арга. Сөргөлдөгч талуудын аль нэг нь дийлэгдсэн мэт сэтгэгдэл үлдээхгүйгээр харилцан буулт хийж зөвшилцөн, ойлголцох замаар асуудлыг шийддэгээрээ давуу талтай юм.
в. Хамтран ажиллах арга. Талууд хэлэлцэж зөвшилцөн хамтын шийдэлд хүрсэн тохиолдолд энэ аргыг хэрэглэх бөгөөд өмнө тулгарсан саад бэрхшээлийг хамтран даван туулах, хамтарч ажиллах, амрах болон чөлөөт цагаа зөв зүйтэй зохион байгуулах байдлаар илэрнэ.
г. Найр тавих арга. Сөргөлдөгч талуудын адилхан алхамд хэсэгчлэн буулт хийх замаар асуудлыг шийдэх боловч хоёр талын зүгээс тэсвэр тэвчээр, хүлээцтэй байдлыг шаарддаг.
д. Итгүүлэн үнэмшүүлэх арга. Зөрчилдөгч төлуудын асуудлын мөн чанарыг бүтээлч, ажил хэрэгчээр хамтран хэлэлцэж зохион байгуулах боломжийг талуудад ойлгуулж чадвал нэлээд ашигтай арга юм.
е. Харилцаж байх арга. Хүмүүсийн харилцааны зөрчлийг нааштай шийдвэрлэх хамгийн түгээмэл аргуудын тоонд багтдаг. Өөрөөр хэлбэл сөргөлдөгч талууд хоорондоо нүүр тулан уулзаж ярилцан зөрчилдөж буй асуудлаа шийдвэрлэх арга юм. Энэ аргын гол онцлог нь байнга харилцаж байх, хүчилж албадсан илрэл байхгүй байх гэсэн дүрэм үйлчилдэг. Эндээс үзвэл аливаа зөрчил маргалдаан үүсэхэд аль болох түүнээс хол байх, зайлшгүй тохиолдолд асуудлын мөн чанарыг зөвөөр ойлгон ашигтай шийдвэрлэж чаддаг байх нь чухал байна
No comments:
Post a Comment